ЭККО-ФАРМ төслөөс энэ оны 2 сард “Сумын түвшний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө” боловсруулах төлөвлөлтийн семинарыг Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад зохион байгуулсан.
Дээрх үйл ажиллагааны үргэлжлэл төлөвлөгөөний төслийг эцэслэн хэлэлцэх уулзалтыг төсөл хэрэгжиж буй загвар хоёр суманд төслийн зөвлөх мэргэжилтэн Др., Б.Эрдэнэчимэг удирдан явууллаа.
Уулзалтын үеэр Их-Уул, Хутаг-Өндөр сумдын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эмзэг байдлын үнэлгээг танилцуулан, ажлын хэсгийн гишүүдээр төлөвлөгөөний төслийг эцэслэн хэлэлцүүлж, үр дүнг нэгтгэн, ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.
Сумдын ажлын хэсгээс уг төлөвлөгөөний төслийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан тус тусын сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах юм. Энэхүү төлөвлөлтийн баримт бичиг батлагдсанаар тухайн сумдын хувьд улс, аймгийн төсөв, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хандан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нийгэм, хөдөө аж ахуй, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөө сайжруулах бололцоотой болно.


