“ЭККО-ФАРМ” төслийн бэлчээр, мал аж ахуйн олон улсын зөвлөх Даниел Миллер 2025 оны 6-р сарын 2-оос 13-ны хооронд Сэлэнгэ аймгийн Хушаат, Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад ажиллаж, тухайн бүсийн малчидтай хамт бэлчээрийн экологийн нөхцөл, менежмент, түүнд нийцсэн мал сүргийн бүтэц зэрэг асуудлаар бэлчээр дээрх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд зорилтот сумдын бэлчээрийн экологийн өнөөгийн байдал, даацын нөхцөл, мал сүргийн зохистой бүтэц, малчин өрхийн орлогыг тогтвортой хадгалах менежментийн шийдлүүд, мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Оролцогчид Монгол орны бэлчээрийн экосистемийн үндсэн зарчим, бэлчээрт суурилсан мал аж ахуйн практик арга замуудтай танилцсан бөгөөд ялангуяа АНУ-ын мал аж ахуй эрхлэгчид болон судалгааны байгууллагууд хамтран боловсруулсан “Бэлчээрт суурилсан мал аж ахуйг хөгжүүлэх 7 зарчим”-ыг онцлон хэлэлцэв.

Түүнчлэн малчин өрхүүд өөрийн бэлчээрийн нөхцөл байдлыг үнэлэх, сумын түвшинд бэлчээр, түүний усан хангамжийн менежментийн төлөвлөгөө боловсруулах талаар хэлэлцэж, чухал санаачлагууд дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, санаачлагыг “ЭККО-ФАРМ” төсөл цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

mnMongolian