ЭККО-ФАРМ төсөл нь “Эх хонь угтуулан тэжээж, өсвөр хонь бордох” туршилт, судалгааны ажлыг 2025 оны 11 сарын 14-15-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхлүүллээ. Туршилтын судалгаанд малчин П.Сүхбаатар, Б.Нарандаваа нар хамрагдаж өсвөр хонийг өвлийн улиралд тарга бариулах, тэжээх хонь сонгох, хээлтэй хонийг угтуулан тэжээх хонь сонгох ажлыг ХААИС-ийн багш, судлаач Ж.Шинэхүү, А.Отгонжаргал нарын сургалт, удирдлаган дор малчдын оролцоотойгоор зохион байгууллаа.

Нэг өрхийн нийт сүргээс 20-40 сартай хээлтэй нийт 44 хонь сонгож, нөгөө өрхийн нийт сүргээс 20-26 сартай нийт 44 өсвөр хонь сонгон, амьдын жинг хэмжиж, ээмэгжүүлэн, группт хувааж бүртгэлжүүлэв. Энэхүү туршилт, судалгааны ажлын гол зорилго нь бэлчээрийн Монгол хонийг 21 хоногийн турш тусгай жороор тэжээж, амьдын жинг бууруулахгүйгээр малын эрүүл ахуйн хяналтыг тогтоож, зах зээлд нийлүүлж, үр дүнг тооцож, бусад малчдад таниулах, мөн эх хонийг хээл авсны дараагаас төллөх хүртэлх хугацаанд тусгай жороор тэжээж, эх болон төл малын чанарын үр дүнг тооцож, бусад малчдад таниулахад оршиж байгаа билээ.

Багш судлаачид малчдад туршилтын ажлын зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулга хийж туршилтын бүлэг тус бүрд тэжээлийн жор, тэжээл бэлтгэх аргын талаар зааварчилгаа өгснөөс гадна малын тавлаг байдал, туршилтын хонины арчилгаа, маллагааны дэлгэрэнгүй зөвлөгөө өгөв.

Өсвөр хонь бордох туршилт 11 дүгээр сарын 15-аас 12 дугаар сарын 14-ний хооронд үргэлжлэх бол эх хонь угтуулан тэжээх туршилт 11 дүгээр сарын 15-аас 3 дугаар сарын 30-ны хооронд үргэлжлэхээр тус тус товлоод байна.

mnMongolian