ЭККО-ФАРМ төсөл хэрэгждэг аймаг, сумдын хүний эрх, жендэрийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд, малчин эмэгтэйчүүдийн манлайлал, нөлөөллийн ажил, улс төрийн оролцоо болон шийдвэр гаргах түвшний оролцооны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Эмэгтэйчүүдийн манлайлал, жендэрийн эрх тэгш байдал сургалт”-ыг 6-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сум болон Дархан-Уул аймгийн Дархан хотноо зохион байгууллаа.
Сургалтын чиглүүлэгчээр Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагч, Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн сургагч багш Б.Золзаяа, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын зөвлөх, Хүний эрх, жендэрийн активист, оролцооны арга хандлагын сургагч багш О.Гэрэлээ нар ажилласан.
Сургалтаар эмэгтэйчүүдийн манлайлал, уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба хамтын манлайлал, нөлөөллийн ажил, харилцааны ур чадвар зэрэг дэд сэдвийн хүрээнд мэдлэг, чадвараа дээшлүүлсэн болно. Түүнчлэн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны ач холбогдол болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэрхэн тодорхойлж, санал боловсруулж шийдвэр гаргагчдад хүргэх стратеги боловсруулах хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж багаар ажилласан юм.
Уг сургалтын агуулгыг АХБ-аас боловсруулан гаргасан Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт тулгуурлан, орон нутгийн онцлогийг тусган боловсруулсан. Мөн сургалтын явцад дүн шинжилгээ болон оролцоонд суурилах, олон янзат байдлыг тэгш хамруулах, инновацийг дэмжих, хувьсган өөрчлөлт рүү тэмүүлэх хандлага зэрэг арга хандлагуудыг баримталсан болно. Уламжлалт лекц, танилцуулгаас илүүтэй оролцогчид хоорондоо түүх, туршлагаа хуваалцах, дүрд тоглох, бүлгийн болон нэгдсэн хэлэлцүүлэг хийх зэргээр сургалтын турш оролцоонд суурилж, феминист заах арга зүйгээр явагдсан төдийгүй Myra Marx Ferree-гийн зан үйл, дадлын өөрчлөлтийг бий болгох KDA хандлагыг баримталснаараа онцлог байв.



