Олон улсын бага хурал 2026 оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Хатан туул танхиид амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд Монгол Улс, Өвөр Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улс болон олон улсын байгууллагын эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл оролцож, бэлчээрийн мал аж ахуйн тогтолцооны ирээдүйн талаар мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Хурлын гол зорилго нь малчдын залгамж халааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, бодлого, практикийн үүднээс хэлэлцэж, гарц шийдлийг тодорхойлох; улс орон, бүс нутгийн сайн туршлагыг хуваалцах; бодлого болон практикт хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах байлаа.
ЭККО-ФАРМ төслийн Дэд захирал П.Бямбадорж нь “Монголын малчдын залгамж халааг өрхийн түвшинд авч үзэх нь: мал аж ахуй эрхлэлтийг тогтвортой амьжиргааны эх үүсвэр, сонирхол татахуйц сонголт болгох нь” сэдвээр илтгэл танилцууллаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын малчин, фермер Б.Лхагвадорж “Залуу малчдын тулгамдсан асуудал ба ирээдүйн хүсэл тэмүүлэл” сэдвийн хүрээнд залуу малчны төлөөлөл болгон илтгэл танилцууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, технологи, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, эдийн засаг болон мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээ зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ. Хурлын хоёр дахь өдөр оролцогчид болон хамтрагч байгууллагуудаас гаргасан 6 бүлэг бүхий зөвлөмжийг танилцуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсныг мэдэгдэв.







