Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) нь төрийн байгууллагад зориулсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сийл хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны яам болсноор холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2025.12.17/ боллоо. Уг санаачилгыг НҮБХХ-ийн Жендэр сийл хөтөлбөр, НҮБХХ-ийн Уур амьсгалын амлалт төсөл, ЭККО-ФАРМ төсөл хамтран эхлүүлж байгаа юм. Нээлтийн үгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матильда Димовска, ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт нар хийсэн бөгөөд Монгол Улсад Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) зохион байгуулагдах гэж буй энэ үед цагаа олсон, бодит өөрчлөлт авчрах алхам юм гэдгийг талууд цохон тэмдэглэж байв.
Жендэрийн эрх тэгш байдлын сийл хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цогц санаачилга бөгөөд БОУАӨЯ институцийн хувьд чадавхжиж, яамны бүхий л талбарт жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг тусгахад дэмжлэг үзүүлэх юм. Өнөөдөр ийнхүү гарын үсэг зурснаар БОУАӨЯ нь салбартаа жендэрийн эрх тэгш байдлыг хангахад манлайлж, үүрэг амлалт хүлээн ажиллаж буйг харуулж байна.
ЭККО-ФАРМ төслийн хувьд Байгаль орчны салбарын жендэрийн стратеги /2014-2030/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбарын жендэрийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах үүднээс энэ олон талын хамтарсан хөтөлбөрт нэгдсэн болно.









