Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийг хариуцсан газрын дарга Кэн Ингланд 2025 оны 6 дугаар сарын 4-ны өдөр ЭККО-ФАРМ төслийн зорилтот сумдын нэг болох Төв аймгийн Борнуур суманд зочилж, сумын удирдлагуудтай уулзан, сумын одоогийн нөхцөл байдал болон малчдын хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар, мөн түүнчлэн ЭККО-ФАРМ төслийн хэрэгжилтийн явц, Канад Улсын Засгийн газрын дэмжлэг малчдын амьдралд хэрхэн эерэг нөлөө үзүүлж буй талаар санал бодлоо солилцлоо.
Борнуур сумын удирдлагууд зочдыг хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч, төслийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид илүү үр дүнд хүрэхийн тулд нягт хамтран ажиллах тухай, хөдөө аж ахуй, байгаль орчин, жендэрийн чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаад Канадын засгийн газарт талархаж буйгаа илэрхийлж, цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.
Мөн Кэн Ингланд нь тус суманд зохион байгуулагдаж байсан “Малчдад зориулсан сургалтыг зохион байгуулах багшаар орон нутгийн малын эмч нарыг бэлтгэх хоёр дахь шатны сургалт ”-ын үйл явцтай танилцан, сургалтад оролцогчид болох малын эмч нар, малчидтай уулзаж, тэдэнтэй нээлттэй ярилцлаа.



