Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэх, жендэрийн чиглэлийн бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг өргөн хүрээнд сайжруулах, орон нутгийн жендэрийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор 21 аймаг жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн дэд хөтөлбөр, зохих бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж хэвшсэн билээ. Улмаар Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ)-ны зүгээс аймгийн түвшинд жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд чадавхижсан ТББ/ИНБ-аар хөндлөнгийн үнэлгээг хийлгэж, дараагийн шатны жендэрийн чиглэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлогын чиглэл баримталж буй.
Энэ хүрээнд ЭККО-ФАРМ төслөөс төсөл хэрэгжиж буй 4 аймгийн жендэрийн чиглэлийн бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээг оролцооны аргаар хийхээр төлөвлөгдсөний эхний аймаг нь Хөвсгөл аймаг боллоо. Тодруулбал, ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Хөх ус нуур ТББ-ын Ч.Лхагвасүрэн ахлагчтай Б.Лхагваа, Ц.Оюунцэцэг нарын зөвлөх баг 2025 оны III улиралд оролцооны үнэлгээг амжилттай гүйцэтгэж, үнэлгээний эцсийн тайланг хүлээлгэн өглөө.
ЖҮХ-ноос боловсруулан гаргасан “Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-д тулгуурлан анхдагч мэдээлэл цуглуулах чанарын болон тоон судалгааны аргуудыг хослуулан хэрэглэсэн энэхүү үнэлгээний хүрээнд Хөвсгөл аймагт 2019-2021 оны хооронд хэрэгжүүлсэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр, аймгийн Жендэрийн салбар хорооны 2022-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө багтсан болно. Түүнчлэн, үнэлгээнд 4 сумын (Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан) нийт 292 хүн /189 эмэгтэй, 103 эрэгтэй/ хамрагдсаны 36 /22 эмэгтэй, 14 эрэгтэй/ нь гол хэрэгжүүлэгч тал болох Хөвсгөл аймгийн Жендэрийн салбар хорооны өмнөх болон одоогийн гишүүд байв.
Үнэлгээний голлох үр дүнгээс дурдвал Хөвсгөл аймгийн хувьд танхимаар болон цахимаар төрийн албан хаагчдыг олноор нь сургалтад хамруулсан, олон тооны сургагч багш бэлтгэсэн, аймгийн Жендэрийн салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тодорхой төсөв бүрдүүлсэн зэрэг ахиц амжилт гарч байгаа ч жендэрийн статистик, тоон мэдээллийн санг бүрдүүлэх ажил удаашралтай байгаа, бие даасан жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулж байснаа больсон, жендэрийн дүн шинжилгээнд тулгуурласан жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн суурь бүрдээгүй, сумдын жендэрийн дэд хорооны үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байгааг тогтоолоо
Мөн аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн олон зөвлөмж өгсний заримаас нь дурдвал жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн агентлагууд төлөвлөлтөө жендэрийн мэдрэмжтэйгээр боловсруулан хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлэх, төлөвлөлтөд хэт олон ажил, арга хэмжээ гэхээс илүүтэйгээр цөөн тооны арга хэмжээг үр дүнтэй төлөвлөх, аймаг, сумын түвшний албан хаагчдыг жендэрийн сэдвээр системтэйгээр, үе шаттайгаар чадавхжуулах, ЕБС-ийн хэмжээнд багш хүүхдэд даалгавар өгөхөөс эхлээд сургуулийн орчныг тохижуулах хүртэл бүх үйл ажиллагаанд жендэрийн мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй зэрэг байв.
Эцэст нь уг үнэлгээ нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөвсгөл аймгийн Засаг дарга хоорондын 2025 оны 1-р сарын 14-ний өдөр байгуулсан Үр дүнгийн гэрээний 2.9-р заалт болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2.1 буюу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн дунд хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлж, үйл ажиллагааг салбар дундын байгууллагын оролцоотойгоор үр дүнтэй зохион байгуулах” ажлын суурийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж буй юм.



