ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ)- гийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбар нь Булган аймгийн Гурванбулаг суманд 2017 оноос эхлэн БШУЯ болон Булган аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны суурин төв” байгуулан хэт талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааг хийж байгаа бөгөөд ЭККО-ФАРМ төслийн ХАА, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлийн ажилтай холбоотойгоор энэхүү туршилт, судалгааны туршлагыг төслийн сумдын малчид болон холбогдох талуудад таниулах зорилгоор “Хэт талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх арга, аргачлалыг малчдад таниулах” сургалт, туршлага солилцох аяллыг Булган аймгийн Гурванбулаг суманд 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээг зохион байгуулахад ЭККО-ФАРМ төслөөс Биологийн олон янз байдлын мэргэжилтэн Ж.Сэргэлэнхүү, төслийн бүсийн зохицуулагч З.Батзориг нар ажиллаа.
Уг арга хэмжээний танхимын сургалтын хэсэгт ШУА-ийн ГГХ-гийн сургагч багш, Др. М.Уртнасан “Хэт талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх арга, аргачлал”, сургагч багш, Др. Алимаа “Хэт талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлсэн туршлага” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан бол үүний дараа оролцогчид Гурванбулаг сумын ШУА-ийн ГГХ-ийн “Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны суурин төв”-д зочлон хээрийн талбайтай танилцаж, ажиглалт, судалгаа хийлээ.
Сургалтанд Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хушаат, Төв аймгийн Борнуур сумын малчид болон салбарын мэргэжилтнүүд буюу нийт 30 төлөөлөл оролцлоо. Танхим болон талбайн ажиглалт, судалгааны цагийг хослуулсан, мөн төслийн 4 аймгийн 4 сумдаас ирсэн малчид, холбогдох мэргэжилтнүүд хамтран санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга алхам, арга замаа багаар ажиллан тодорхойлсон нь үр дүнтэй, өгөөжтэй байсан гэдгийг оролцогчдын зүгээс онцлон тэмдэглэж байлаа.





