“ЭККО-ФАРМ” төсөл нь Хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, уур амьсгалд зохицсон ухаалаг ХАА/ХАА-н Байгальд суурилсан шийдлүүд, эрт зарлан мэдээлэх тогтолцоо, гамшгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр үйлдвэрлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүд залуучуудад зориулсан сургалт хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Энэ зорилтын хүрээнд “Хоршооны анхан шатны сургалт”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд 10 дугаар сарын 14 болон 16-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Сургалтанд Сүхбаатар аймгийн 9 сумын 27, Дорнод аймгийн 11 сумын 25 хоршоодын төлөөлөл, мөн тус аймгуудын ХХААГ-ын мэргэжилтнүүд хамрагдлаа.
Хоршооны анхан шатны сургалтын сургагч багшаар Монголын ХАА-н Хоршоологчдын үндэсний холбооны Хоршоо хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Отгонболор болон Төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Бямбацэрэн нар ажилласан юм. Уг сургалтаар хоршооны удирдлага, гишүүд, малчдад хоршооны тухай үндсэн ойлголт, зарчим, мөн чанар, хоршооны засаглал болон эрх барих бүтэц, хоршооны гишүүдийн эрх үүрэг, хариуцлага, гишүүдийн хэрэгцээг тодорхойлох, тэднийг идэвхжүүлэх арга замуудыг танилцуулж хоршооны дүрмийн талаар шинэ мэдлэг олгох, өмнөх ойлголтуудыг сэргээн бататгах зэрэг агуулгыг багтаасан байна. Сургалтыг зохион байгуулахдаа үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл танилцуулахаас гадна бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэх, сэдвүүдийн хүрээнд сонжоо болон тоглоомын хэлбэрээр дасгал ажиллах зэрэг аргуудыг хослуулан оролцоог хангахад анхаарч ажилласан байна.
Мөн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хуульд орсон гол өөрчлөлтүүдийг танилцуулж, төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого, чиглэл, дэмжлэгийн талаар мэдээлэл хүргэн ажиллажээ.


