ЭККО-ФАРМ төслийн 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Хоршоодын анхан шатны сургалт”-ыг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран 2025 оны 3 сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зохион байгууллаа.
Сургалтад Хутаг-Өндөр суманд бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 70 хоршоодын төлөөлөл болон сонгогдсон 26 хоршоодын дарга, тэргүүлэгч, идэвхитэн гишүүд хамрагдлаа.
Сургалтад оролцогчдын 90 гаруй хувь нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоодын төлөөлөл байлаа.
ЭККО-ФАРМ төслөөс зохион байгуулсан энэхүү сургалтыг Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны сургагч багш нар болох Хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга Д.Индра, ахлах мэргэжилтэн Д.Бямбацэрэн нар удирдан зохион байгуулсан. Уг сургалтаар хоршооны тухай үндсэн ойлголт, хоршооны удирдлага, бүтэц зохион байгуулалт, бүх гишүүдийн хурлыг хэрхэн зохион байгуулах, хоршооны дүрэм, гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага, тэдгээрийг хэрхэн идэвхжүүлэх, хоршооны хөрөнгө, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, өөрчлөлт, Төрөөс хоршооллын салбарт баримталж буй бодлого зэрэг нэгэн цогц агуулгыг лекц, дасгал, багийн ажил, ярилцлага, бүлгийн хэлэлцүүлэг зэрэг аргуудыг ашиглан оролцогчдод хүргэсэн нь үр дүнтэй бөгөөд хоршоодыг идэвхижүүлсэн арга хэмжээ боллоо. Сургалтын төгсгөлд чадавхын үнэлгээ, хэрэгцээ шаардлагын судалгаа авснаар дараагийн шатны чадавх дээшлүүлэх үйл ажиллагааг тодорхойлох боломжтой юм.



