ЭККО-ФАРМ төслийн биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Монголын шувуу хамгаалах төв нь Хөвсгөл аймгийн Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад олон улсын хэмжээнд устаж болзошгүй ховордсон Хонин тоодгийн популяцийн суурь судалгаа хийлээ.
Хээрийн судалгааны үр дүнд уг сумдад Хонин тоодгийн үржлийн хоёр чухал газрыг бүртгэлээ. Ялангуяа Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг нь хүн, малын нягтшил ихтэй, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн төв замын хөдөлгөөн их байгаа нь тус нутагт буй үржлийн Хонин тоодогт сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Судалгаагаар дээрх сумдын нутаг нь Хонин тоодгийн үржлийн чухал газар бөгөөд тус сум дахь тариалангийн талбайнууд нь шувууд үүрлэх мөн өнжмөл талбайнууд нь эр шувууд “шүхэр”-лэж үрждэг таатай орчин болж байна. Ялангуяа Тариалан болон Хутаг-Өндөр сумын Тээл багт орших өндөр хүчдэлийн шугам нь тариалангийн талбайд ойр байдаг тул Хонин тоодгууд шугамын утсыг мөргөх эрсдэл өндөр байна.
Хонин тоодог шувууны нүүдэл шилжилт, популяцийн тандалт судалгааг илүү нарийн хийх шаардлагатай ба тус шувууг хамгаалахад олон нийт ард иргэдийн ойлголт, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг Монголын шувуу хамгаалах төв зөвлөж байна. Мөн уг судалгааны хүрээнд Хутаг-Өндөр болон Их-Уул сумдын эко клубийн сурагчид нүүдлийн шувуу ажиглах өдөрлөг зохион байгуулж шувуу хамгаалах ач холбогдлын тухай ойлголтоо нэмэгдүүллээ.

