ХААИС болон ЭККО-ФАРМ төсөл хамтран хэрэгжүүлж буй “ХААИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг оролцооны аргаар жендэрийн мэдрэмжтэй болгон шинэчлэх” техникийн туслалцааны хүрээнд сургалт, судалгааны цуврал үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд хөдөлмөрийн харилцаанд суурилсан бага цар хүрээний жендэрийн аудитыг оролцооны аргаар гүйцэтгэж, улмаар урьдчилсан үр дүн, зөвлөмжийг танилцуулах уулзалт 2026 оны 5-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан хийсэн уг судалгаанд давхардсан тоогоор ХААИС-ийн 230 гаруй багш ажиллагсад асуумж, ганцаарчилсан ярилцлага, бүлгийн хэлэлцүүлэг, саналын хайрцаг зэрэг хэлбэрээр хамрагдлаа.
Уулзалтад ХААИС-ийн удирдлага, ажлын хэсэг болон Ёс зүйн хорооны гишүүд оролцож, аудитын үр дүн, хөдөлмөрийн дотоод журмыг сайжруулах санал, зөвлөмжийг хэлэлцэн баталгаажууллаа.
Ингэснээр ХААИС-д жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой судалгаанд суурилсан эцсийн тайланг бэлтгэн холбогдох талуудад хүргүүлэхэд бэлэн боллоо.




