ЭККО-ФАРМ төслөөс зорилтот аймаг, сумдын эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагуудыг системтэйгээр чадавхжуулах зорилго бүхий цуврал үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Ээлжит үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ-аас туршлага судлахын зэрэгцээ “Нийгмийн эрх ашигт тулгуурлан төсөл боловсруулах” агуулгын хүрээнд “Үнэ цэнийн эрэлд” багц сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тодруулбал, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар зэрэг 6 аймгаас ирсэн төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, малчны өрхийн анхдагч хоршоо зэрэг байгууллагын төлөөлөл болох 40 эмэгтэй оролцож, мэдлэг, туршлагаа хуваалцаж, харилцан суралцаж, хэлхээ холбоо тогтоосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний зорилго нь Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны амжилттай туршлагыг таниулж, төсөл хэрэгждэг аймгуудын төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, нийгмийн сайн сайхны төлөө тогтвортой үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө босгох чиглэлээр мэдлэг ойлголтыг нь дээшлүүлэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн.

Сургалтыг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны 5 чиглүүлэгч холбооны бодит туршлагаар баяжуулан, “Үнэ цэнэ бий болгох аялал”, “Шилдэг санааны эрэлд”, “Тогтвортой байдлыг хангах нь”, “Хамтын ажиллагаа ба боломж”, “Сайн баг хэрхэн бүрдүүлэх вэ” зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд оров. Мөн “Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийн удирдагч Н.Энхбаатар зочин илтгэгчээр оролцож, оролцогчдод хэрхэн нийгмийн сайн сайхны төлөөх жижиг санаа томоохон өөрчлөлтийг авчирж болох, саад бэрхшээлтэй тулгарсан ч зорилгынхоо төлөө тууштай байх талаар ярилцлаа. ТББ-ын хөгжлийн шинэ боломж, санаачилгуудын талаар хамтдаа ярилцаж, туршлагаа солилцсон цагууд оролцогчдын эв санааны нэгдэл, урам зориг төрүүлсэн нь дамжиггүй.

Мөн тус холбооноос санаачлан бодит үйл хэрэг болгосон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Пассив хаус”, халуун ус, угаалгын “Цэмцгэр төв”, үндэсний эсгий урлал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч Таймлесс ХХК-иудаар зочилж, туршлага судлав.

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны хамт олонд гүн талархал илэрхийлье.

Хамтдаа өсөж, өөрчлөлтийг эхлүүлье.

mnMongolian