ЭККО-ФАРМ төслийн зорилтот сумдын хүний эрх, жендэрийн чиглэлээр ажилладаг ТББ, ИНБ, иргэдийн бүлэг, сүлжээг системтэйгээр чадавхжуулах ээлжит үйл ажиллагааны хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдэвт 1 өдрийн сургалтыг 2026 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад тус бүр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Б.Аюуш (“ИНБ-уудын хамтын түншлэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Жендэрийн үндэсний хорооны сургагч багш, МУИС-ийн Жендэр судлалын магистр), Х.Нарангэрэл (“Гэрэлт ирээдүйн оршихуй” ТББ-ын Тэргүүн) нар удирдан чиглүүлж ажилласан.
Оролцогчдын жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, зөв хандлага, хүчирхийлэлгүй соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий уг сургалтад 2 сумын 40 гаруй төлөөлөл оролцож, жендэрийн үндсэн ойлголт, хэвшмэл үзэл, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд, хохирогч төвтэй хандлага, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ИНБ-ын оролцоо, манлайллын талаар мэдлэг, ойлголтоо дээшлүүлэхийн зэрэгцээ оролцооны дасгал ажил ажилласан болно.
Мөн энэ дашрамд сумын түвшний гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалалтай тэмцэх төрийн гол бүтэц болох “Сумын хамтарсан багийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх нь” сэдэвт хагас өдрийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд хамтарсан багийн гишүүдийн чиг үүрэг, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хамгааллын эрх зүйн зохицуулалт, кейс менежментийн арга туршлага, ИНБ-ын оролцооны ач холбогдол, сайн туршлагын талаар хэлэлцэж, тухайн орон нутгийн бодит кейс дээр ажиллан кейс менежментийн мэдлэг, чадавхаа нэмэгдүүлсэн.
Эл сургалтууд нь Канадын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслөөс боловсруулсан сургалтын модуль, агуулгад тулгуурласан болно. Уг сургалт нь төслийн дараагийн жилүүдэд хэрэгжүүлэх хүний эрх, жендэрийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурийг тавих давхар зорилготой юм.













