Тэжээлийн таримал ургамлын үйлдвэрлэл сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТЭШХ)-д 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтын сургагч багшаар “Занаду Разорбак” компанийн үүсгэн байгуулагч, ЭККО-ФАРМ төслийн Эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх Жереми Тийссэн болон мал аж ахуй, бэлчээр, тэжээлийн ургамлын харилцан хамаарал, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан фермер, тэжээлийн ургамалын бизнес эрхлэгч Граэм Финн нар ажилласан юм.
Сургалтаар Монголд тохиромжтой тэжээлийн таримал ургамлын төрөл, тэжээлийн ургамал болон хөрсний уялдаа холбоо, тэжээлийн таримал ургамлыг малын тэжээлд ашиглах, тэжээлийн таримал ургамлын үйлдвэрлэл болон ургацын чанарыг сайжруулах менежмент зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд сургагч багш нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн УГТЭШХ, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид, мөн холбогдох судалгааны илтгэл танилцуулсан юм.
Сургалтын үр дүнд оролцогчид тэжээлийн таримал ургамлын төрлүүд болон түүнийг сонгох шалтгаан, нэг наст болон олон наст тэжээлийн таримал ургамлуудын талаарх судалгаа, туршилтуудын үр дүн, тэжээлийн таримал ургамал болон хөрсний харилцан хамаарал, үйлдвэрлэл, хөрсний үржил шимд үзүүлэх нөлөө, тэжээлийн таримал ургамлыг ургац арвинтай, чанартай тариалах, хураахад анхаарах гол асуудлууд, тэжээлийн таримал ургамлыг борлуулах, эсвэл үхрийн тэжээлд ашиглах зэрэгт тариалах зардал, орлогыг тооцоолох, тэжээлийн таримал ургамлыг малын тэжээлд ашиглах олон төрлийн арга аргачлалтай танилцаж ногоон тэжээл тариалах, арчлахад малчдад тулгардаг бэрхшээл ба боломжуудыг таньж мэдэж чадсанаараа үр дүнтэй, онцлог сургалт болж чаджээ.


