“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (ЭККО-ФАРМ) төсөл нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын талуудын оролцоог хангасан, жендэрийн мэдрэмжтэй, хамтын оролцоонд суурилсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө (УАӨДЗТ)-г боловсруулах ажлыг дэмжин ажиллаж байгаа билээ.
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө (УАӨДЗТ)” боловсруулах ажлын нээлтийн уулзалт 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж байсан. Тэгвэл хоёр дахь шатны уулзалт буюу УАӨДЗТ боловсруулах ажлын төлөвлөлтийн семинар 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Уг төлөвлөлтийн семинарт ажлын хэсгийн дарга, гишүүд болон ИТХ-ын дарга, ИТХ-ын Хөдөө аж ахуй, Байгаль орчны бодлогын хорооны төлөөлөл, сумын малчин өрхийн төлөөлөл зэрэг нийт 27 хүн оролцсон байна. Энэ удаагийн уулзалт, семинарыг тус сумын Засаг дарга Н.Захирахбаатар нээж үг хэлэхдээ орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд хамтран ажиллана гэдгээ тэмдэглэлээ.
Энэхүү уулзалт, семинарын чиглүүлэгчээр ЭККО-ФАРМ төслийн зөвлөх А.Аззаяа ажилласан бөгөөд УАӨДЗТ-г боловсруулах ажлын үе шат, агуулгыг танилцуулсан бол зөвлөх Б. Эрдэнэчимэг Хушаат сумын сүүлийн 40 гаруй жилд агаарын жилийн дундаж температурын өөрчлөгдсөн байдал, сумын уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдлын үнэлгээ, талуудын оролцоо болон зөвлөмж бүхий илтгэл танилцуулсан байна. Уг төлөвлөлтийн семинарыг оролцооны аргад тулгуурлан зохион байгуулсан бөгөөд ингэхдээ ажлын хэсгийн гишүүдийг 5 багт хуваан хэлэлцүүлэг өрнүүлж, баг тус бүр хариуцах ажлаа төлөвлөх, уялдуулах боломж бүрдүүлэх зэргээр зохион байгуулсан байна.

