Төслийн 2025–2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Сумын түвшний Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө (УАӨДЗТ)-г Гамшгийн эрсдэлийн менежмент (ГЭМ) болон Эрт зарлан мэдээлэх тогтолцоо (ЭЗМТ)-той уялдуулан боловсруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө боловсруулах” төлөвлөлтийн семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарыг доктор Б.Эрдэнэчимэг удирдан явуулсан бөгөөд оролцогчдыг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгүүдэд хуваарилахдаа жендэрийн мэдрэмжтэй, оролцоонд суурилсан арга зүйгээр удирдан чиглүүлсэн нь тэднийг семинарын турш идэвхтэй, оролцоо сайтай, үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Семинарын үеэр Их-Уул, Хутаг-Өндөр сумдын удирдлагууд сумын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөгөө цаг алдалгүй яаравчлан боловсруулж, 2026 оны 1-р улиралд багтаан тухай тухайн сумынхаа ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлж, уг ажилд төслийн зүгээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Энэхүү төлөвлөлтийн семинарыг зохион байгуулахын зэрэгцээ сумдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбоотой мэдээлэл, судалгааны сан бүрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Булган аймгийн ГХБХБГ-ын Газрын харилцааны хэлтсийн дарга С.Наранбаатар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Б.Нандинбат, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Б.Өнөрбат, мөн аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ц.Бямбатөр нартай тус тус уулзаж цаашид хамтран ажиллах талаар харилцан ярилцаж тохиролцлоо.







