ЭККО-ФАРМ төслийн “Ногоон бүсийг турших, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх талбайг байгуулах, түүнийг үнэлэх” ажлуудын хүрээнд Канад улсын Саскачеваны их сургуулийн жимсний хөтөлбөрийн ургамал судлалын тэнхимийн зөвлөх профессор Др.Роберт (Боб) Борс болон туслах профессор Др.Анже Швара нар Улаанбаатар хот, мөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 2025 оны 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 5-ны хооронд ажиллаа.

Тэд ажиллах хугацаандаа ХХААХҮЯ, ХААИС, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын тариаланчдын холбоо, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТЭШХ) болон Монголын жимс жимсгэний үндэсний холбооны төлөөллүүдтэй уулзаж, чадавхын үнэлгээ хийж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь УГТЭШХ-гийн жимсний судалгааны талбай, хонины ноосон органик бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК, “Green Hill Organic Farm”, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй Солонгосын жимс, хүнсний ногооны зэрэг фермүүдтэй танилцав. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум болон Бугант тосгонд зарим жимсний экологийн үнэлгээг хийв.

Мөн төслийн зорилтот сумд болох Сэлэнгэ аймгийн Хушаат болон Төв аймгийн Борнуур сумын удирдлагуудтай уулзаж, жимс жимсгэнэ үйлдвэрлэгчид болон ЕБС-ийн Эко клубийн сурагчдад зориулан Канадын Саскачеваны их сургуулийн жимс, жимсгэний сортуудын танилцуулгыг хийж, жимс, жимсгэний цэцэрлэг хөгжүүлэх, Канад улсын хүйтэнд тэсвэртэй жимс, жимсгэний сортуудыг Монгол оронд нутагшуулж, зах зээлд гаргах боломжийн талаар санал солилцож, зөвлөгөө өгөв. Төслийн баг Хушаат суманд ажиллах үеэр ХААИС-ын Инженер Технологийн сургуулийн багш нар био-нүүрсний тухай ойлголт, түүнийг боловсруулах, хэрэглэх арга зүйн үзүүлэх сургалт зохион байгуулав.

mnMongolian