Канад улсын Саскачеваны их сургуулийн махны чиглэлийн үхрийн арчилгаа, маллагаа, тэжээлийн стратеги судлалын хөтөлбөрийн удирдагч профессор Др. Херберт (Барт) Ларднер судалгааны үр дүнгээсээ танилцууллаа. Үүнд:

• Мал, маллагааны орчин үеийн технологи болон тэжээлийн шимт чанар нь генетик потенциалд нөлөөлөх боломжтой гэдгийг тогтоогоод байгаа ажээ. Үүнийг мал маллагааны арга технологи болон орчныг өөрчлөхөд шимт бодисын солилцоо, генетикийн хариу үйлдлийг судлах замаар тогтоосон. Ингэснээр үнээ, нялх тугал тэжээх, өсвөр үхэр бойжуулах үед нэмэлтээр өгч болох энерги болон уурагт тэжээлийн стратегийг боловсруулсан байна. “Үнээг сонгохдоо орчиндоо дасан зохицсон байдлаар нь, бухыг зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах байдлаар нь сонгох” зарчмыг боловсруулсан.

• Генетик сайжруулалт хийхийн тулд селекцийн аргыг ашигладаг. Удамших чанар (heritability, h2) нь өндөр буюу 30 хувиас илүү бол малыг тодорхой шинж чанараар нь селекцид ашиглахад үр дүнтэй, бага байвал орчныг нь зохицуулах байдлаар тухайн шинж чанарыг сайжруулах боломжтойг тогтоожээ.

• Түүнчлэн махны чиглэлийн үхэрт өгөх усны чанарын судалгаа хийхэд сайжруулсан усан хангамжийн системийг ашиглахад малын жин 9-10 хувь нэмэгдсэн үр дүн гарсан тул бэлчээрт усан байгууламж барих зардлыг үр ашигтай гэж үзсэн байна.

• Өвлийн / – хэм / улиралд таримал бэлчээрт үхрийг бэлчээх нь байран мал маллагааны зардлыг 8-30 хувь бууруулдаг болохыг тогтоожээ (Kelln et al. (2011), Krause et al. (2013) and Kulathunga et al. (2016).

mnMongolian