Хөгжлийн түншлэгчдийн уулзалт нь Жендэрийн үндэсний хорооноос Монгол Улсын сонгогдсон салбарт хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийн жендэр, нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлттэй уялдуулах, давхардлыг арилгах, төслийн төсвийг үр ашигтай зарцуулах зорилгоор харилцан мэдээлэл солилцоход чиглэсэн улирал тутам зохион байгуулдаг арга хэмжээ билээ. 

Энэ удаагийн уулзалтыг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон Канадын Засгийн газрын хөрөнгө оруулалттай ЭККО-ФАРМ төсөл хамтран зохион байгуулсан юм.  

Уулзалтыг нээж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Кирил Йорданов нар үг хэллээ. 

Канад УлсынХөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Кирил Йорданов нээлтийн үгэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” болон “Эрэгтэйчүүдийн баяр”-ын өдрүүдийг тохиолдуулан уг арга хэмжээг санаачлан, хамтран зохион байгуулж буйг цохон тэмдэглэв. Мөн Феминист олон улсын туслалцааны бодлогынхоо хүрээнд Канад Улс нь Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд он удаан жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг дурдсаны зэрэгцээ Канадын Засгийн газрын санхүүжилттэйгээр төрийн алба, шүүхийн тогтолцоо, ЖСХ-тэй тэмцэх тогтолцоо, МСҮТ-ийн боловсролыг хөгжүүлэх чиглэлд шинэ төслүүд хэрэгжиж эхлэх гэж буй талаар мэдээг дуулгав. Түүнчлэн, ЖҮХ болон ХХААХҮЯ-тай жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд хамтран ажиллаж байгаадаа талархаж буйгаа тэмдэглэсэн.  

Уулзалтаар хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ЭККО-ФАРМ , “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төсөл, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” зэрэг төслүүд жендэрийн эрх тэгш байдлын хангах чиглэлээрх хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр нөлөөний тухай илтгэл танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.  

Уг уулзалтын хүрээнд ЭККО-ФАРМ төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам төсөл хэрэгжиж буй сумдын эрэгтэй, эмэгтэй малчдад тулгамдаж буй жендэрийн асуудлыг тодорхойлох зорилго бүхий Малчдын судалгааны жендэрийн үнэлгээний үр дүнг танилцуулав. Судалгааны хүрээнд орлого дахь жендэрийн зөрүүтэй байдал, хөдөлмөрийн ялгамжтай хуваарь, хөрөнгө өмчлөл дэх жендэрийн ялгаа, уур амьсгалын өөрчлөлтөд ялгаатай өртөх байдал, шийдвэр гаргалт дахь жендэрийн ялгаа, нийгмийн зарим асуудлууд сэдвийн хүрээнд үр дүн, зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.  

mnMongolian