ЭККО-ФАРМ төслөөс “Үхрийн махны өртгийн сүлжээ ба хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн ашиг шим арвинтай үхэр өсгөх нь” сэдэвт танхимын сургалтыг Дархан хотод 2025 оны 5 дугаар сарын 30-нд, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын махны чиглэлийн өсвөр үхэр үржүүлэгч үхрийн аж ахуй болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн үйл ажиллагаатай танилцах сургалтыг 5 дугаар сарын 31-нд зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг АНУ-ын зөвлөх, бэлчээрийн экологич Даниел Миллер болон махны үхрийн аж ахуйн эрхлэгч, Канад зөвлөх Жереми Тийссэн нар удирдан зохион байгуулав.
Сургалтаар дотоодын болон экспортын зах зээлд нийлүүлэх зорилгоор ашиг шим арвинтай үхэр өсгөн үржүүлэхэд оролцогч талуудыг үүрэг, тэдний зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой зарим арга хэмжээнүүд, мах үйлдвэрлэлийн үе шат бүр дэх анхаарах асуудлууд, малын тэжээлийн чанар, түүний ач холбогдол, махны үхэр үржүүлэх, өсгөн бойжуулах хугацааны арчилгаа, маллагааны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Мөн Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Ч.Гантөгс үхрийн махны эрэлт хэрэгцээ, тэр дундаа экспортын зах зээлд нэвтрэхэд тавигдах шаардлага, тулгарч буй сорилт бэрхшээлийн тухай товч илтгэл танилцууллаа.
Энэхүү сургалт, туршлага солилцох арга хэмжээнд Сүхбаатар аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн, хоршоодын төлөөлөл, Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Их-Уул, Сэлэнгэ аймгийн Хушаат, Төв аймгийн Борнуур сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын үхрийн аж ахуй эрхлэгч нийт 32 фермер оролцож тулгарч буй бэрхшээлээ хэлэлцэж зөвлөгөө авлаа.



