“Малчид, малын эмч нарын нэгдмэл хандлагаар зорилтот сумдын малын эрүүл мэндийн байдлыг сайжруулах” 2 дахь шатны сургалтыг “Эрүүл мал, эрсдэлгүй амьдрал” ТББ-тай хамтран Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Хушаат, Булган аймгийн Хутаг-Өндөг болон Хөвсгөл аймгийн Их-Уул сумдад зохион байгуулж, нийт 21 малын эмчийг хамрууллаа.
Мөн энэ оны 3-4 дүгээр саруудад зохион байгуулсан анхан шатны сургалтын модулиудад үндэслэн боловсруулсан асуумжаар төслийн сумдын бүх малын эмч нарын ур чадварыг үнэлж, үнээний сүүг цагирган урвалаар шинжлүүлж, сүүний дээжинд антибиотикийн үлдцийг түргэвчилсэн тестээр илрүүлэх болон мал (үхэр, хонь, ямаа, адуу)-ын баасанд цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг ажлын байран дээр нь гардан хийлгэж, техникийн дадлуудыг нь үнэллээ. Төслийн сумдын малын эмч нар эдгээр шинжилгээг бие даан хийх бүрэн чадвартай болсон байна гэж сургагч багшийн зүгээс дүгнэсэн байна.
Асуумж судалгааны үр дүнд үндэслэн малын эмийн зохистой хэрэглээ (гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй эмийг малдаа хэрэглэхгүй байх, эмийн заавартай сайтар танилцаж, тухайн эм малын биеэс биеэс гадагшлах хугацааг чанд мөрдөх), хорхойгүйжүүлэх бэлдмэлийг малчид өөрсдөө дур мэдэн сонгож хэрэглэхгүй буюу худалдан авахгүй, харин зөвхөн хариуцсан малын эмчээсээ үйлчилгээ, зөвлөгөө авдаг байх, малын хашаа хороо, саравчийг засаж сэлбэн, хөрзөнг сайтар цэвэрлэж гаргасны дараа гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэл шүрших, бэлчээрийг зохистой ашигласнаар малын дотор шимэгчийн халдварыг бууруулж болох талаар малчдад мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Сургалтын төгсгөлд эмийн зохистой хэрэглээ, эрүүл сүрэг бий болгоход малчид малын эмчтэйгээ хамтран ажиллах боломж, малчдад шаардагдаж буй мэдээлэл, сургалт, мал эмнэлэгийн шинэ үйлчилгээ зэрэг сэдвүүдээр сургагч багш, оролцогчид санал солилцлоо.

