ЭККО-ФАРМ төслийн Ухаалаг хөдөө аж ахуй бүрэлдэхүүн хэсгийн Ногоон өртгийн сүлжээ сэдвийн хүрээнд хэд хэдэн дэд сэдвүүдийг хамруулан Монголын Бэлчээр Судлалын “Ногоон алт” төв ТББ-тай хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Бэлчээр Судлалын “Ногоон алт” төв ТББ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчдын төлөөлөлтэй 2025 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Малчин өрхийн анхдагч холбоо байгуулахын ач холбогдол, хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадал MNS: 6891:2025 үндэсний стандартыг нэвтрүүлэхийн давуу тал, боломжуудыг танилцуулах зорилгоор 14 уулзалтыг хот айл хэлбэрээр зохион байгуулав. Эдгээр уулзалтуудад тус сумын Тээл багийн төлөөлөл 107 малчин өрх хамрагдлаа. Уулзалтын үеэр малчин өрхийн анхдагч холбоо байгуулах тухай анхдугаар хурлыг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Тээл багийн төв дээр зохион байгуулсан бөгөөд хуралд оролцсон нийт малчдын олонхын саналаар багийн бүх малчин өрхийг хамруулсан малчин өрхийн анхдагч холбоо НЭГ-ийг байгуулахаар шийдвэр гаргаад байна.

Малчин өрхийн анхдагч холбоо байгуулснаар тус багийн малчид доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хуваарьтайгаар урт хугацаанд зүй зохистой ашиглах хууль ёсны гэрээг сумын Засаг даргатай байгуулан, түүнийг дагасан журамтай болж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх боломж бүрдэх юм.

mnMongolian