Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль (2024 оны 06 сарын 05) -ийн хүрээнд ЭККО-ФАРМ төсөл, Монголын Бэлчээр судлалын “Ногоон алт” төвтэй хамтран Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багт 2025 оны 6-8 саруудад малчин өрхийн анхдагч холбоог байгуулах ажлыг эхлүүлж, малчин өрхүүдтэй уулзалтууд зохион байгууллаа.
Тус холбоог байгуулснаар малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэх юм.
Дээрх уулзалтуудаар хуулийн ач холбогдлыг танилцуулж, Тээл багийн бэлчээр ашиглалтын журмын төсөл боловсруулах, малчин өрхийн анхдагч холбоонд ашиглуулах бэлчээрийн хил хязгаар, нөөц, даацыг тодорхойлж, бэлчээр ашиглалтын гэрээний төсөл боловсруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгийн загварыг бэлтгэх зэрэг малчин өрхийн анхдагч холбоо байгуулах бэлтгэл ажлуудыг хангахад чиглэн ажиллаа.
2025 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Тээл багийн бүх малчдын анхдугаар хурлыг зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүдийг сонгож, малчин өрхийн анхдагч холбооны дүрмийг хэлэлцэн баталж, холбооны удирдлагуудыг сонгож, холбоонд эзэмшүүлэх бэлчээрийн хил хязгаар, зураглал, даац, нөөц болон бэлчээр ашиглалтын гэрээний төсөл, дагалдах баримт бичгийг танилцуулан санал авснаар Малчин өрхийн анхдагч холбоо байгуулах суурийг тавьлаа.
Уулзалтанд ЭККО-ФАРМ төслийн Канад дахь захирал Дебра Расмуссен болон төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт нарын тэргүүтэй төслийн мэргэжилтэн баг оролцож энэхүү арга хэмжээг томоохон амжилт хэмээн цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж улмаар малчдын анхдагч холбооны бүртгэл, хөрш багийн малчин өрхүүдийг мэдээллээр хангах, дэмжлэгийг авах зэрэг ажлын төлөвлөгөөг боловсруулах юм.

