ЭККО-ФАРМ төслийн хүрээнд үзүүлсэн зөвлөх үйлчилгээний хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багт байгуулагдсан “Нарлаг тээлийн соргог хоршоо” малчин өрхийн анхдагч холбоо нь Багийн Иргэдийн Нийтийн хуралдаанд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах гэрээ, журмын төслөө танилцуулан хэлэлцүүлж, санал авсан бөгөөд сумын удирдлага холбоогоороо гэрээ байгуулахыг дэмжлээ.

Тус багийн хуралд Хутаг-Өндөр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, Багийн засаг дарга, анхдагч холбооны дарга тус тус оролцож мэдээлэл өгч, уг гэрээ, журмын төсөлтэй мөн танилцав.

Төслийн зүгээс бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах гэрээ, журмын төслийг танилцуулах, тайлбар мэдээлэл өгөх, арга зүйгээр хангах зорилгоор төслийн сум дахь зохицуулагч O.Далайцэрэн болон Ногоон алт ТББ-ын бэлчээрийн менежментийн зөвлөх Л.Ганцогт, өртгийн сүлжээний мэргэжилтэн А.Ган-Очир нар ажиллав.

Багийн иргэдийн нийтийн хуралд 82 иргэн оролцсон бөгөөд тус хурлын үеэр анхдагч холбооны дарга Г.Намнан төслийн хүрээнд Канад улсад туршлага судалсан мэдээллээ багийн иргэдэд танилцуулсан нь онцлох зүйл байв. Ийнхүү малчдын оролцоонд суурилсан, хариуцлагатай бэлчээр ашиглалтыг дэмжсэн чухал хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

mnMongolian