Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн салбар хороо, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос 2025 оны 6 сарын 6-7-нд “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн зохион байгуулж, зочин төлөөлөгчөөр ЭККО-ФАРМ төсөл хэрэгжиж буй Хөвсгөл аймгийн Их-Уул, Төв аймгийн Борнуур, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нийт 16 малчин эмэгтэйчүүд оролцлоо.
Энэхүү зөвлөгөөн нь малчин эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын оролцоог нэмэгдүүлэх, малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрхийн асуудлуудыг хөндөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх болон харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулаа.
Зөвлөгөөнөөр ХХААХҮЯ-аас мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, Монголын хүний эрхийн үндэсний комиссоос малчин эмэгтэйчүүдийн аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн зарим асуудал, ЭККО-ФАРМ төслөөс төслийн ерөнхий танилцуулга болон төсөл хэрэгжиж буй сумдад хийгдсэн жендэрийн үнэлгээний үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн малчид эмэгтэйчүүд харилцан туршлага солилцож, мэдлэг мэдээллээ хуваалцсан өндөр ач холбогдолтой зөвөлгөөн болж өнгөрлөө.
Зөвлөгөөний эцэст малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг ХХААХҮЯ, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга болон Монголын хүний эрхийн үндэсний комисст хүргүүллээ.
Зургийг: Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо



