ЭККО-ФАРМ төсөл нь “Эрүүл мал, эрсдэлгүй амьдрал” ТББ-тай хамтран “Малчид, малын эмч нарын нэгдмэл хандлагаар зорилтот сумдын малын эрүүл мэндийн байдлыг сайжруулах” сэдвээр 2 өдрийн сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар, мөн Төв, Сүхбаатар, Дархан-Уул аймгуудын мал эмнэлгийн газар, Борнуур сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн малын эмч нарыг бүрэн хамруулан Борнуур суманд зохион байгуулав. Сургалтыг доктор, профессор Г.Батцэцэг удирдан явуулж онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сүүнд цагирган урвал тавьж Brucella-н эсрэг бие илрүүлэх, сүүнд антибиотикийн үлдэгдэл илрүүлэх болон малын дотор шимэгчийн халдварыг оношлох 3 модуль хичээлийг 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж, суралцагчдад эзэмшүүлэв.
Сургалтыг Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга В.Батболд хааж үг хэлэхдээ ЭККО-ФАРМ төслийн хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу Мал эмнэлгийн ерөнхий газар, Төв, Сүхбаатар, Дархан-Уул аймгуудын Мал эмнэлгийн газар, Борнуур сумын мал эмнэлгийн тасгийнхан болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг бүрэн хамруулж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахад дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон хэрэгцээтэй сургалт байсныг онцлоод сургалтад амжилттай оролцсон малын эмч нарт сертификат гардуулж, тэдний цаашдын ажилд өндөр амжилт хүсэж, мал эмнэлгүүдээ дэмжиж ажиллахаа илэрхийлэв.



