ЭККО-ФАРМ төсөл болон ХААИС-ийн удирдлагууд 2026 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Канад Улсын Саскачеваны их сургуульд 4–6 сарын хугацаанд суралцаж, судалгаа хийхээр шалгарсан таван оюутныг ХААИС дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Э.Монголжин, Ч.Бямбадорж, Ц.Нарангэрэл, М.Тунгалаг, Ц.Даваажаргал нарын судалгааны чиглэл, төлөвлөгөөтэй танилцаж, цаашдын ажилд нь санал, зөвлөмж өглөө.
Уулзалтыг ХААИС-ийн Ректор, доктор, профессор Б.Баасансүх болон Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр нар нээж үг хэллээ.
Уулзалтын үеэр эрхэм Ж. Күтюр, Канад болон Монгол Улс нь газарзүйн хувьд өөр тивд, алс хол оршдог хэдий ч хоёр орны хооронд нийтлэг зүйл олон бөгөөд харилцан суралцах, сайн туршлага хуваалцах, амжилттай туршлагыг нутагшуулан хэрэгжүүлэх өргөн боломж байгааг онцлон хэллээ.
Түүнчлэн энэхүү хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг олгохоор хязгаарлагдахгүй, харин салбарын ирээдүйн манлайлагч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн, урт хугацааны өндөр үр өгөөж бүхий хөтөлбөр юм гэв.
Нийт оюутнуудад амжилт хүсэн, шинэ мэдлэг, ур чадвар, үнэ цэнтэй туршлага хуримтлуулан эх орондоо эргэн ирж, сурсан мэдсэнээ салбартаа хуваалцахыг сургуулийн удирдлага болон төслийн багийн зүгээс хүсэн ерөөв.

