Канад улсын Саскатчеван мужийн тэргүүний фермер Дуэйн Томпсон Монгол улсад айлчлан ирж Канадын фермерүүд болон ХАА-н салбарын судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр газар тариалан, мал аж ахуй хосолсон фермийн тухай, гэр бүлийнхээ тухай, удам дамжин хөдөө аж ахуй эрхэлсэн 125 жилийн түүх, зургаа дахь үеийн залуу фермер үр хүүхдүүдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлж буй талаар ярив. Түүний илтгэлийн гол сэдэв нь таримал бэлчээрийн хөрсний үржил шимийг хосолсон аж ахуйн загвараар урт хугацаанд сайжруулах явдал байв.

Мөн Канадад махны чиглэлийн үхрийг борлуулахад нэг мал тутамд 4.50 канад долларын (чек-офф) хураамж авч, эрдэм шинжилгээний ажилд зарцуулдаг хэмээн тайлбарлалаа. Түүнчлэн өөрийн аж ахуйдаа туршилтын төслүүдийг их сургуультай хамтран хийдэг талаар баримт мэдээлэл, холбогдох зураг үзүүлэв. Канадын хүн амын нэг хувь л хөдөө аж ахуй эрхэлж буй гэдгийг хэлээд залуу үеийг бэлтгэхэд ихээхэн анхаарч, сургуулиудад очиж танилцуулга хийдэг тухайгаа ярив.

mnMongolian