Канадын Хөдөө аж ахуйн яамны харъяа Саскатчеваны их сургуулийн Дэд профессор, доктор Б.Билигт болон тус сургуулийн Азийн бүсийг хариуцсан хамтын ажиллагааны мэргэжилтэн Дан Жао нар ЭККО-ФАРМ төслийн урилгаар 2 сарын 17-оос 21-ний хооронд Монголд айлчиллаа.
Уг айлчлалын хүрээнд Саскатчеваны их сургуулийн төлөөлөгчид Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-д зочилж хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэж Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Тус санамж бичигт эрдэм шинжилгээ, судалгаа, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тусгасан байна.
Түүнчлэн доктор Б.Билигт айлчлалынхаа үеээр “Тэжээлийн ургамлыг үржүүлэн бэлчээрийн менежментэд хэрхэн ашиглах талаар Баруун Канадад хийсэн туршилт” болон “Саскетчваны их сургуулийн таримал тэжээлийн болон мал аж ахуйн судалгааны төвүүд” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд, Тариалан эрхлэгчдийн холбоо, болон ХААИС-ийн багш, ахисан түвшний судлаач, оюутнуудад лекц, ярилцлага хийлээ.
Доктор Б.Билигт нь царгас, таримал тэжээлийн ургамлын сортуудын давсжилтыг тэсвэрлэх чадвар болон Саскатчеван дахь таримал тэжээлийн ургамлын эдийн засгийн үнэлгээ зэрэг олон тооны судалгааны өгүүллүүд хэвлүүлсэн байна. Мөн тэрээр 2020 онд Канадын Залуу агрономич шагналыг хүртэж байсан юм.



