Канад Улсын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Мароун Абоу Фаяссал Монгол Улсад ажиллаж байна. Тэрбээр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр, Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг, ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт, тус төслийн дэд захирал П.Бямбадорж нарын хамт ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, ЭККО-ФАРМ төслийн Удирдах хорооны дарга Ц.Болорчулуунтай уулзаж ЭККО-ФАРМ төслийн хэрэгжилтийн явц, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал, ололт амжилт, цаашлаад төлөвлөгдсөн ажлууд дээр нээлттэй санал солилцлоо. Төслийн үр дүнг тогтвортой үргэлжлүүлэх, шинэлэг санаа, санаачилгыг нутагшуулах боломжууд, мөн энэ оны 10 дугаар сард болох Канад Улсын хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоотой танилцах туршлага судлах аялалын төлөвлөгөө, баг бүрэлдэхүүн, хүлээгдэж буй үр дүнг харилцан хэлэлцлээ.
Түүнчлэн, Канадын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид ЭККО-ФАРМ төсөл хэрэгжиж буй сумдын үйл ажиллагаатай газар дээр танилцах төлөвлөгөөтэй байна.
Канад Улсын Гадаад хэргийн яамны төлөөллийн айлчлал нь хоёр орны техникийн туслалцааны хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, ЭККО-ФАРМ төслийн хэрэгжилтэд түлхэц өгөх чухал ач холбогдолтой билээ.
