ЭККО-ФАРМ төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын залуу малчид болон мал аж ахуйн мэргэжилтнүүдэд зориулсан 3 үе шаттай танхим болон талбайн хосолсон сургалт, дадлагажуулах уулзалтуудыг 2026 онд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд эхний уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад 20 оролцогч (8 эмэгтэй, 12 эрэгтэй) хамрагдсан бөгөөд тэдгээр нь 18–35 насны залуу малчид, мөн эрчимжсэн аж ахуй болон төрийн байгууллагад хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд байлаа.

Сургалтын үеэр оролцогчид хөрсний үржил шимд тохируулан нэг болон олон наст тэжээлийн таримал ургамлын сонголтыг оновчтой хийх, байгалийн бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ хийх аргачлал, бэлчээрийн чанарыг сайжруулах арга зам, бордооны зохистой хэрэглээ зэрэг сэдвээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Тэнүүн дарханхаан” хоршооны мах боловсруулах үйлдвэр байгуулах сайн туршлагын талаар суралцав. Мөн залуу малчдын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг бэхжүүлэх зорилготойгоор хоршин ажиллах, дуу хоолойгоо нэгтгэж, сум орон нутагтаа үлгэр дууриалал болохуйц манлайллын ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцлоо.

mnMongolian