ЭККО-ФАРМ төслийн “Жендэр ба бодлого” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төслийн зорилтот 4 сумд болох Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Их-Уул, Сэлэнгэ аймгийн Хушаат,  Төв аймгийн Борнуур сумдад “Жендэр ба хүний эрх” сэдэвт нэг өдрийн сургалтыг 2025 оны 3-р сарын 31-нээс 4 дүгээр сарын 15-ны хоорондох хугацаанд зохион байгуулав. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага гэх концептын хүрээнд төсөл хэрэгжих эдгээр сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, ахмадын зөвлөл, залуучуудын зөвлөл, төрийн бус байгууллагууд, мөн малчдын бүлэг, хоршоодын төлөөллийн жендэр, хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий уг сургалтад нийт 102 хүн (93 эмэгтэй, 9 эрэгтэй) хамрагдлаа.

ЭККО-ФАРМ төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам чиглүүлэн явуулсан уг сургалт нь хүний эрх, хүний эрхийн зөрчил, хүйс ба жендэрийн ялгаа, жендэрийн тэгш эрх гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдлэг, ойлголт өгөхийн сацуу оролцогчдыг багаар ажиллуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх, дасгал ажиллах зэргээр оролцооны аргачлал ашиглан явуулснаараа онцлог. Мөн сургалтын үеэр ЭККО-ФАРМ төслийн зөвлөх, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Социологийн тэнхимийн эрхлэгч С.Түмэндэлгэр (Ph.D) оролцогч байгууллагуудын чадавх, сургалтын хэрэгцээг үнэлэхийн зэрэгцээ чадавхжуулах төлөвлөгөөний төслийг боловсруулан гардуулан өгсөн юм. Уг төлөвлөгөө нь төслийн дараагийн үйл ажиллагаануудыг чиглүүлэх, сумдад жендэр ба хүний эрхийн мэдрэмжтэй түүчээлэгчдийг бий болгох суурь болох юм.

mnMongolian