ЭККО-ФАРМ төслөөс 2025 оны 6-р сарын 9-өөс 17-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ болон Төв аймгуудад “Жендэр ба бодлого төлөвлөлт” сэдэвт удирдах түвшний албан хаагчдын сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь тус аймгуудын ИТХ-ын гишүүд, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн салбар хорооны гишүүд, орон нутгийн бусад агентлаг, сумдын удирдлага, нийгмийн бодлогын мэргэжилтнүүдэд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн мэдлэг, ойлголт олгох зорилгоор явагдсан юм.
Агуулгын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос боловсруулан гаргасан “Жендэр ба бодлого төлөвлөлт” анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтын модулийг хураангуйлан ашигласан. Энэ хүрээнд жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн эрх тэгш байдал Монголд, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тогтолцоо, бодлогын орчин, жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт зэрэг сэдвийг хамарсан.
Оролцооны арга зүйг голлон ашигласан уг сургалтын үндсэн чиглүүлэгчээр “Жендэр” I болон II шат, “Жендэр суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” хөтөлбөрийн сургагч багш Д.Батхишиг, хамтран чиглүүлэгчээр ЭККО-ФАРМ төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар ажиллалаа. Энэхүү сургалтаар оролцогчдод орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, харьяалах байгууллага, сумандаа жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлэх мэдлэг ойлголт олгосон өндөр ач холбогдолтой сургалт болж өндөрлөснийг оролцогчид онцолж байв.





