Өнөөдрөөс Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян дэлхий даяар эхэлж байна. Энэхүү аян нь 1991 онд иргэний нийгмийн санаачилгаар эхэлсэн бөгөөд олон улсад жил бүр 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд зохион байгуулагддаг билээ. Монгол Улсад уг аян нь 1997 оноос эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлсээр ирсэн юм.

Энэ жилийн аян нь “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе/нэгдье” хэмээх уриалгын дор явагдана. Учир нь дэлхий дахинаа технологийн түгээмэл хэрэглээнээс улбаатайгаар зураг ашиглан дарамтлах, заналхийлэх (image-based abuse), жендэрт суурилсан худал мэдээлэл тараах (gendered disinformation) зэрэг хүчирхийллийн шинэ хэлбэрүүд бий болоод байна.

Цаашлаад Монгол Улсад Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл нь дэлхийн чиг хандлагын нэгэн адил өсөн нэмэгдэж байгаа төдийгүй цахим орон зай нь ялангуяа эмэгтэйчүүд, охидын хувьд аюулгүй орчин байж чадахгүй байна. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2024 оны судалгаагаар монгол залуучуудын 51.3% нь онлайнаар доромжлох, гутаах зэрэг цахим дээрэлхэлтэд, 5% нь онлайн бэлгийн дарамтад өртсөн болохыг тогтоожээ. Мөн 2020 оны судалгаагаар хүүхдүүдийн 87% нь онлайн аюул заналхийлэлд өртсөн гэж мэдээлсэн бөгөөд эдгээр аюулын 57% нь үе тэнгийнхнээс нь ирсэн зэрэг үр дүн гарчээ. Монголд хамгийн түгээмэл тархаад буй хэлбэрүүд нь Цахим дээрэлхэлт (Cyberbullying), Гүтгэлэг ба үзэн ядсан үг хэллэг ашиглах (Defamation and Hate speech), Цахим орчинд мөрдөх (Cyberstalking) зэрэг байгаа юм.

Уг аянд ЭККО-ФАРМ төсөл нэгдэж байгаа ба та бүхнийг Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн идэвхтэй ажиллахыг уриалж байна. Бид уг аянд нэгдэхийн сацуу Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх сургалтыг төслийн зорилтот сумдад хийхээр төлөвлөж байгаа юм.

Энэ дашрамд жендэрт суурилсан хүчирхийллийг арилгах чиглэлд идэвхтэй ажиллаж буй ЖҮХ болон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь – II үе шат” төслийнхнөө дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Эх сурвалж: 16 days Campaign 2025, Concept Note

mnMongolian