Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам жендэрийн эрх тэгш байдлыг байгууллагын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаандаа хэрхэн тусган хэрэгжүүлж буйг үнэлсэн “Төрийн байгууллага дахь Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт” хөтөлбөрийн суурь үнэлгээний үр дүнг өнөөдөр (2026.06.05) танилцууллаа.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилтийн техникийн хорооны дарга Н.Цогтбаяр, яамны холбогдох албан хаагчид, техникийн хорооны гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн үндэсний хороо, ECCO-FARM төсөл болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцов.
Уулзалтаар тус яаманд хэрэгжүүлж буй Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн суурь үнэлгээний тайлан, үнэлгээний гол үр дүн, зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх сайжруулалтын арга хэмжээний төлөвлөгөө болон дараагийн шатны ажлуудыг хэлэлцлээ.
Суурь үнэлгээний дүнгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь жендэрийн эрх тэгш байдлыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргасан болохыг онцолсон байна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалал, дасан зохицол болон байгаль орчны салбарын бодлогын баримт бичгүүдэд жендэрийн асуудлыг тусган ажиллаж байгаа нь бодлогын түвшний чухал давуу тал хэмээн үнэлэгджээ.
Мөн жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг боловсронгуй болгох, хүйсээр ангилсан мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын байрны хүртээмжтэй, тэгш орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмжид тусгасан байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилтийн үйл явцын хүрээнд байгаль орчин, уур амьсгалын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд жендэрийн эрх тэгш байдлыг бодитоор нэгтгэх, байгууллагын чадавх, хариуцлага, засаглалын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах юм.






