ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн Зөн Монгол” НҮТББ нь Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ)-той хамтран “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмуудыг тусгах нь” дэд төслийг хэрэгжүүлж байна.
Тус дэд төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй 4 цуврал үйл ажиллагааны нэг болох “Жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ОБЕГ-т амжилттай боллоо.
Уг арга хэмжээнд Канад Улсын Элчин сайдын яам, ОБЕГ, ЖҮХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, хөгжлийн түншүүд, салбарын мэргэжилтнүүд оролцож, дэд төслийн хүрээнд хийгдсэн дараах ажлуудтай танилцан санал солилцлоо. Үүнд:
Гамшгийн эрсдэлийн менежментийн бодлого, эрх зүйн орчны судалгаа болон жендэрийн дүн шинжилгээ
Жендэрийн мэдрэмжтэй бодлогын зөвлөмж, хэрэгжилтийн замын зураглал
“Жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт сургагч багшийн сургалтын модуль
Энэхүү уулзалт нь гамшгийн эрсдэлийн менежментийн бодлого, үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх, оролцогч талуудын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.









