“Дэлхийн малчдын чуулган 2026”-ын орон нутгийн салбар хэлэлцүүлэг 8 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон “ЭККО-ФАРМ” төсөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсгийг Булган аймгийн Засаг даргын орлогч О. Ундрах ахлан ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт 13 улсын 20 гаруй малчин, мөн Булган аймгийн 16 сумын эмэгтэй болон залуу малчдын төлөөлөл оролцож, дэлхийн болон орон нутгийн малчдын туршлага, мэдлэгийг хуваалцаж байна.
Хэлэлцүүлгийн эхний өдөр олон улсын оролцогчид Тээл багт зочилж, нутгийн малчидтай уулзан, Малчин өрхийн анхдагч холбоо (МӨАХ)-ны үйл ажиллагаа, бэлчээрийн менежмент, олон наст болон нэг наст тэжээлийн таримлын туршилтын талбайтай танилцлаа. Мөн орон нутгийн малчдын өдөр тутмын амьдрал, бодит туршлага, уламжлалт мэдлэгийн талаар мэдээлэл авч, харилцан туршлага солилцов.
Малчин өрхийн анхдагч холбоо (МӨАХ) нь малчдын хамтын менежментийг бэхжүүлж, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд чухал үүрэгтэй тогтолцоо юм.
Орон нутгийн салбар хэлэлцүүлгийн үеэр малчдад тулгамдаж буй асуудал, цаашдын боломж, шийдлийн талаар санал солилцож, Малчдын ерөнхий тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал боловсруулахад оролцогчдын санал, туршлагыг тусгана.









