“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Дэлхийн малчдын чуулган 2026”-ын Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь салбар хэлэлцүүлгүүд 8 дугаар сарын 11–12-нд амжилттай болж өндөрлөлөө.
Хутаг-Өндөр сум дахь салбар хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Булган аймаг, Хутаг-Өндөр сумын ЗДТГ болон Канадын Засгийн газрын санхүүжилттэй ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа
Хоёр өдөр үргэлжилсэн тус хэлэлцүүлгээр “Нийт малчдын тунхаглал”, “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал”-ын төслүүдийг хэлэлцэж, Монгол Улс болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн малчид, эмэгтэй болон залуу малчдын төлөөлөл санал, туршлагаа хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн үеэр бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малчдын амьжиргаа, эмэгтэй болон залуу малчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, тунхаглалуудад тусгах зөвлөмжүүдийг нэгтгэлээ.
Хутаг-Өндөр сум дахь хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тунхаг бичгүүдэд тусган, Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 14–15-нд зохион байгуулах “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хэлэлцүүлгээр эцэслэн хэлэлцэж, баталгаажуулахаар хүргүүлнэ.
Ийнхүү дэлхийн малчид, эмэгтэй малчид болон залуу малчдын дуу хоолой, бодит туршлага, тэргүүлэх чиглэлүүдийг нэгтгэсэн гурван тунхаглал боловсруулагдаж, улмаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр олон улсын түвшинд танилцуулахад бэлтгэж байна.











