Канад улсын Саскачеваны их сургуулийн махны чиглэлийн үхрийн арчилгаа, маллагаа, тэжээлийн стратеги судлалын хөтөлбөрийн удирдагч профессор Др. Херберт (Барт) Ларднер Саскачеван мужид газар тариалангийн үйлдвэрлэлийг 2030 он гэхэд 45 сая тоннд хүргэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулалтыг 3 тэрбум канад долларт хүргэх зорилт тавьсныг танилцууллаа.
Эдгээр зорилтод хүрэхийн тулд сүүлийн 10 жил махны чиглэлийн үхрийн аж ахуйг тэжээлийн ургамлын тариалантай хослуулах, махны чиглэлийн үхрийн тэжээлд малын тэжээлийн ургамлын хэрэглээг нэмэгдүүлэх, малын жингийн өсөлтийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр тэжээлийн ургамалд үнэлгээ шинжилгээ хийж байгаа талаар илтгэлдээ тэмдэглэв.
Судалгааны хөтөлбөр нь 30 жилийн түүхтэй бөгөөд үйлдвэрлэлийн үр ашгийг тооцоход төвлөрдөг. Олон наст үет ургамлаас саман ерхөг (Agropyron cristatum), соргүй согоовор (Bromus inermis L.), нугын согоовор (Bromus riparius L.), Кентаки нугын биелэг (Kentucky bluegrass/ Poa pratensis L.), орчард өвс (Orchardgrass/Dactylis glomerata L.), ботууль (Fescue (Festuca spp.), буурцагт ургамлаас царгас (Medicago sativa; M. falcata), хунчир (Astragalus spp.), мөн эвэрт хошоонцор (Trefoils (Lotus spp.)), хошоон (Melilotus spp.), хошоонгор (Trifolium spp), хүцэнгэ (Onobrychis viciaefolia) зэргийг судалдаг. Мөн малыг бэлчээрлүүлэх давтамж, цаг, хугацаа, малын нягтаршил, бэлчээрлүүлэх эрчим буюу бэлчээрийн даацыг тооцох судалгаа хийдэг байна.