Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), ЭККО-ФАРМ төсөл болон Дэлхийн Зөн ОУБ хамтран хэрэгжүүлэх “Гамшгийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмуудыг тусгах нь” хамтарсан дэд төслийг эхлүүлэх гурван талт уулзалт 2025 оны 12-р сарын 09-ний өдөр ОБЕГ-ын Соёомбо танхимд амжилттай болж өнгөрлөө.

Уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимгээр ахлуулсан холбогдох албаны төлөөллүүд, мөн ЭККО-ФАРМ төслийн удирдлага, мэргэжилтнүүд, Дэлхийн Зөн ОУБ-ын ажилтан, жендэр болон гамшгийн эрсдэлийн зөвлөх багийн гишүүд оролцож, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, төлөвлөлтийн талаар санал солилцов.

Дөрвөн сар хэрэгжих уг дэд төслийн хүрээнд холбогдох хууль, бодлогод жендэрийн дүн шинжилгээ хийх, олон талт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг жендэрийн мэдрэмжтэй болгох бодлогын зөвлөмж, замын зураглал боловсруулах, “Жендэрийн мэдрэмжтэй гамшгийн менежмент” сургалтын модуль боловсруулж, сургагч багш бэлтгэх сургалт явуулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.

mnMongolian